• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
ДЭЛГЭРХААН СУМ БАЙГУУЛАГДСАН НЬ /1923-1960/

Тус сум Түшээт хан аймгийн Сэцэн гүний хошуу гэж байгаад 1922-1923 онд Сэцэн гүний хошуу нэртэй болж 1923 оны сүүлийн хагасаас аймаг хошууг засаг ноёдын нэрээр нэрлэхээ болж ард олны мэдэх уул усны нэрээр нэрлэх болгон өөрчилсний дагуу 1923 онд Богдхан уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошуу гэж нэрлэжээ. Улмаар ардын түр цагийн хурал байгуулж Засаг даргаар хуучин ноён Жүн ван Гүрсоронзон Гомбосүрэнг сонгожээ. 1924 онд хуучин засаг ноёдыг өөрчлөхөд хошуу даргаар Амгаа зайсан гэгч Цогт-Очирыг сонгосон байна. 1928 ОНООС Хошуудыг нэгтгэн томсгоход Сэцэн вангийн хошууг Хүнцэлт цавчилт уулын хошуунд нэгтгээд тэр хошууны нэрийг Дэлгэрхаан сум болгожээ. Нэгдсэн хошуу нь одоогийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн сумын урьд бус нутаг байжээ. Хүнцэл гэдэг нь уламжлалт эмд ордог их гашуун ургамал, харин шигүү ойг зурваслаж зам гаргасан халзан зөргийг цавчил гэдэг. Тэр хошуу нь цавчил зурвастай, хүнцэлт уулаар нэрлэсэн байжээ. 1931 онд шинэчилсэн засаг захиргааны өөрчлөлтөөр аймгуудыг байгуулж, хошуудыг сум гэсэн нэгжтэй болоход 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн зарлигаар Богдхан уулын аймгийн Дэлгэрхаан сум байгуулагдсан байна. Дэлгэрхаан сум 1933 онд 9 баг 602 өрхтэй байжээ.

1-р баг нурамт нэртэй 65 өрхтэй

2-р баг Хуримт нэртэй 72 өрхтэй

3-р баг Төхөм нэртэй 64 өрхтэй

4-р баг хайрхан нэртэй 71 өрхтэй

5-р баг Баян-Өндөр нэртэй 65 өрхтэй

6-р баг Гурван-Өндөр нэртэй 64 өрхтэй

7-р баг Эрдэнэ нэртэй 65 өрхтэй

8-р баг Тарган нэртэй 66 өрхтэй

9-р баг Гурван тарган нэртэй 70 өрхтэй бүгд 602 өрхтэй.

1944 онд газрын нэргүй 1-р баг 82, 2-р баг 79, 3-р баг 80, 4-р баг 80, 5-р баг 63, 6-р баг 78, 7-р баг 70, 8-р баг 83, 9-р баг 77, 10-р баг 62, 11-р баг 55, сумаараа 809 өрх айлтай байжээ. Ардын хувьсгалын /1921/ он дараагийн засаг захиргааны нэрийн өөрчлөлтөөр Дэлгэрхаан сум байгуулагдаад /1923/ он 92 дахь жилтэйгээ Түшээтхан Чахундоржийн 4 дэх хүү Цэрэнпэлийн хошуу болгон захирсан 1712 оноос хойш 303 дахь жилтэйгээ золгож буй эртний бие даасан хошуу сум юм. Дэлгэрхаан сумын нутаг нь монгол орны төв хэсэгт хангайн нурууны шувтарга бэсрэг уулс, ухаа гүвээт толгод тэдгээр ийн хотоос хөндийн зонхилсны тал хээрийн бүсийн өвс ургамал, ус булаг шанд хужир жигдэрсэн монголчуудын эрхэлдэг нүүдлийн мал аж ахуйн хувьд бол бурхны орон юм. Нөгөө талаар тус нутгаас төрсөн эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны болон шашны эрдэм эрдэм номтой хүмүүсийн судалж бичсэнээр монгол орны хүйс нутаг буюу байгалийн элдэв аюултай үзэгдэл ган зуд газар хөдлөл онцгой салхи, шуурга болдоггүй газар нутаг юм. Монгол орны төв цэгийг газарзүйн эрдэмтэн Шагдар Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг газарт гэж тогтоосон бөгөөд тэр цэгээс Дэлгэрхаан сумын баруун хойд хил хүртэл 20 гаруй км юм. Дэлгэрхаан сум үүсэл хөгжлийн тухай нутгийн болон бусад эрдэмтэн мэргэд бичгийн хүмүүс ном товхимол бичиж хэвлүүлж сум орноо сурталчилж байгаад баярлаж амтархан уншиж байдаг. Гэвч хошуу үүсээд 303 дахь сум болоод 92 дахь жилтэйгээ золгосон нутгийнхаа үүсэл хөгжлийн болон хун зоны удам угсаа зан заншил бусад онцлогийн талаар нэгдсэн ном бичиж хойч үеийнхэндээ үлдээх саналыг дэвшүүлж байна. Ардын хувьсгалын өмнөх 200 гаруй жилд ард иргэд нь мал аж ахуй эрхэлж хошууны төвд нь шарын шашны томоохон хийдтэй хошуу байжээ. Тэр үеийн талаар нэг өгүүлбэрээр нутаг орноо илэрхийлбэл. Норовчоймпиллэн хийд нь шашны томоохон төв төдийгүй шашны эд хэрэглэл бүрэн бишгүүр нь төвд ганданд байдаг. Ховор нандин хийцтэй, хурал, шашны зан үйлийг сайн хийж гүйцэтгэдэг байсан байна. Үүний жишээ нь тус сүмийн лам нарын хийдэг цам нь /шашны бүжиг/ дэг маягын дагуу сайн хийгддэгээр гайхагдаж байжээ. Хүн ардын зан заншил, бие бялдар, өмсдөг хувцас нь халх даяар алдартай байсан бололтой. Дэлгэрхааны "Дэгдээхэй дээлээ хөөргөсөн тогдоохой" гэж хочилж байсан нь тухайн үедээ эрчүүд нь том нуруулаг, эмэгтэйчүүд нь царайлаг дээл хувцсыг уран сайхан хийдэг тухайн үедээ монгол орны төв хэсгийн мал аж ахуй шашны хувцасны моодыг тодорхойлж байсан байна. Мал аж ахуйн түүхий эдийг ашиглах талаар алдартай байжээ. Айраг цагаан идээгээрээ алдартайн дээр бог малын арьс ширийг боловсруулан гутал хувцас хийх талаараа алдартай байсан нь социализмын үед Төв аймагт анхны нийтийн ахуйн үйлчилгээ буюу артель үүсэн хөгжиж 1959 оны үед түүнийг шилжүүлэн аймгийн төв Зуунмод суманд ахуй үйлчилгээ байгуулж байсан. Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн сумын ахмадууд Мишиг гүний хошууныхан хонь ямаагаа сааж цагаан идээ хийж тухайн үеийн албан татвараа төлдөг ажилсаг ард түмэн гэж дурсан ярьж байсныг олон удаа сонссон. Ардын хувьсгалын 1923-1990 он соцелизм байгуулахын үед авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн талаар өөрийн бодлоо илэрхийлье. Хөдөөд боловсрол, эрүүл мэндийн салбарууд үүсэх эхлэл тус суманд тавигдаж байжээ. 1925 онд анхны танхимын сургууль 20 сурагчтай байгуулагдаж байсан бол 1930-аад оны сүүлчээр шашны нөлөөлөөс ард иргэдийг ангижруулах зорилгоор ардын гэгдүүлэх яамны шийдвэрээр үлгэр жишээ бага сургууль байгуулжээ. Мөн 1930 оны дундуур хүн эмнэлэг 1920-иад оны дундуур эд хэрэглэгчдийн хоршоо байгуулсан нь аймагтаа анхныхад орж байна. Эд хэрэгчдийн хоршоо нь ХБАнги болон хөгжиж иргэдэд худалдаагаар үйлчлэхийн зэрэгцээ бүх төрлийн түүхий эд авч анхан шатны боловсруулалт хийж жилд тэр үеийн ханшаар 4,0 сая гаруй төгрөгийн бараа гүйлгээ хийдэг, 30 гаруй тонн ноос ноолуур бэлтгэдэг 60 гаруй нэр төрлийн арьс шир ангийн үс бусад түүхий бэлтгэж төлөвлөгөөт үзүүлэлтийг давуулан биелүүлж аймагт ажлаараа 1-5-р байранд ордог тэргүүний ХБАнги байсан тухай 20 гаруй жил ХБА-н даргаар ажилласан Ш.Даш дурсан ярьж байна. Анх 1956 онд Дэлгэрхаан суманд нэгдэл байгуулахаар Б.Алтангэрэл, И.Гомбо, М.Цогт-Очир, М.Дугар. Түмэнбилэг, Д.Жамба, П.Мөнх Очир, Гүрдорж, Гомбосүрэн нарын 16 өрх нэгдэж 400 гаруй мал нийгэмчилж "Шинэ-Амьдрал" нэгдэл байгуулж даргаар нь Б.Алтангэрэл, ня-богоор И.Гомбоог сонгож байсан бол 1957 онд тус суманд "Дэлгэрэх" "Ардын зориг" Залуучуудын хөгжил " гэдэг нэгдэл байгуулагдаж даргаар нь Д.Бат-Очир, Ш.Чүлтэмдаржаа, Б.Зангад нарыг сонгон ажиллуулж байжээ. Улмаар 1959 онд жижиг нэгдлүүдийг нэгтгэх шийдвэр гарч тус суманд байсан 4 нэгдлийг нэгтгэж залуучуудын хөгжил нэртэй нэгдэл байгуулагдаж 30 гаруй жил хөгжөөд 1992 онд хувьчлагджээ. Энэ хугацаанд тус нэгдэл нь сумын хөгжлийг үндсэнд нь тодорхойлж байжээ. Энэ тухай дэлгэрэнгүй материал хэвлэгдэнэ. Бид сум орон маань 90 гаруй жил хөгжиж байна гэж бахархан ярьдаг гэвч цаашид сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд сумын хөгжлийн түүхийг тэр тусмаа 1923 оноос хойшх түүхийг нарийвчлан судалж үзмээр санагддаг. Учир 1923 оноос хойш хөгжсөн түүхийг ахмадуудаас сонгож байхад янз бүрийн бодол төрдөг. Жишээ нь 1923 онд Сэцэн гүний хошууны нэрийг өөрчилж Дэлгэрхаан сум болгоход сумын төв гэж юу байв, захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэг худалдаа үйлчилгээний ямар газар, ямар барилга байшин хэдийд баригдав гэх мэт. Судалгааг түүхийн материалаас үзэхэд манжийн колончлолд монгол орон ороод буддын шашин дэлгэрч хүрээ хийд олноор байгуулагдаж байсан үед 4 дэх хошуу захирагч Лхамсүрэндорж /1777-1813 онд/ засаг байхдаа 1810 онд буддын шашны анхны дуган бариулсан нь цаашид өргөжсөөр Дунд Хуримт гэдэг газар Норовчоймпилэн нэртэй халхын томоохон хийд байгуулагджээ. Хийд нь өргөжсөөр 10 дацантай, 500 гаруй ламтай томоохон хүрээ байв. Энэ хүрээний сум дуганууд нь 1940 оныг хүртэл сумын төв байгаад улмаар сум хийдийн барилгыг нурааж социализмын үеийн төрийн байгууллагын барилга барихад ашиглажээ. Анхных нь барилга хүн эмнэлгийн 2 модон байшин, сургуулийн склад /1950, 1960, 1970-аад/, сумын захиргааны байшин /1960-1980 онд антек байсан барилга, дараагийн барилга нь сургуулийн урт цагаан нэртэй зүүн дэнжид байсан 4 ангитай хойд талдаа улаан булантай байшин, 1971 онд буулгаж сургуулийн дотуур байр болгож сургуулийн хойно байсан суулд 1980 оны сүүлчээр сургуулийн скалад хийж байгаад нураасан. Мөн 1958 оны үед 3 сумын захиргаа нэртэйгээр барьж 1970 оноос хүн эмнэлгийн байр, 1988 оноос сумын НААҮйлчилгээний барилга байгаад хувьчилсан барилга. Энд нэг зүйлийг тодруулахад манай сум тал хээрийн нутагт байрладаг мод барилгын материалаас хол учир шинээр барилга барихад бэрхшээлтэй байсан байх. Тус суманд шинэ материалаар баригдсан анхны барилга нь 1961 онд сумын төвийн зүүн хойш хэсэгт баригдсан 4 ангитай дөрвөлжин туйнуун барилга үүнийг Политехниккумын оюутнууд барьсан. 1970-1990 онд нэгдлийн агуулах байгаад хувьчлагдсан. Дараагийн барилга нь сум нэгдлийн даргаар Ж.Дугаржав ажиллаж байх үед 5 барилга баригдсан. Сум нэгдлийн захиргааны барилга сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байр, зочид буудал, гуанз дөрвийг зээлийн хөрөнгөөр 1969-1971 онд барьсан. 1971-1972 онд одоогийн соёлын төвийг а/а-н хөрөнгөөр барьсан нь Дэлгэрхаан сумын төвийн анхны барилгууд юм. Эдгээр барилгууд баригдсанаар хуучин сумын захиргааны барилгад хүн эмнэлэг орж одоогийн төсвийн гэж хэлэгдэх албан газрууд үйлчилгээ явуулах байртай болжээ. 1972-1973 онд хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тэр үеийн хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр барьсан байна. 1959 онд орон даяар нэгдэлжих хөдөлгөөн бүрэн дуусаж атар газар эзэмшсэнээр нэгдэлтэй сумдын барилга барих эсэхийг нэгдлийн хөрөнгөөр ихэвчлэн шийдэж байв. Иймээс залуучуудын ХӨГЖИЛ нэгдлийн хүчин чадлаас болж суманд 1973-1986 онд шинээр үйлчилгээтэй зориулалттай барилга баригдаагүй /ХБАнгиас бусад/ сумын хөгжил ч тогтмол нэгэн хэвийн байв. Ийм үед 1986 онд тэр үеийн намын үнэн сонинд нэгэн буянтай сурвалжлагч "Дээшлэхгүй Дэлгэрхаан" нэртэй бүтэн нүүр материал хэвлүүлж Дэлгэрхаан сум залуучуудын хөгжил нэгдье хөгжихгүй байгаа тухай бичсэн. Тэр үед сонины шүүмжлэгчийн мөрөөр юу хийснийг үздэг шалгадаг, шүүмжлэгдсэн байгууллага хүмүүс шүүмжлэлийн мөрөөр зохиосон хийсэн ажлаа дээд газраа тайлагнадаг одоог бодоход мэдэхгүй мөртлөө ардчилал мэдээллийн хариуцлага хөгжсөн үе байв. Иймд тэр асуудал өндөр авч сумын төвийн барилга байшин барих хөгжүүлэх асуудлыг сум аймаг яам шийдэх боломжгүй учир уг асуудал БНМАУ-ын СНЗөвлөл хүртэл яригдаж уул ажлыг СНЗ-ийн 1-р орлогч дарга Рагчаа хариуцаж газар дээр нь ирж үзэж сумын удирдлага иргэдтэй уулзаж ярилцаж санал солилцсон байна. Ингээд Дэлгэрхаан сумын төвийг тохижуулах асуудлыг БНМАУ-ын СНЗ-ийн хурлаар хэлэлцэн сумын төвд 160 хүүхдийн хичээлийн байр барилга 80 хүүхдийн дотуур байрны барилга, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 15 хүний эмнэлгийн барилга, 50 хүүхдийн хоолны газар, хүн эмнэлгийн аптекийн барилга, гарж агуулахын барилга, халуун усны барилга, 8-н айлын 2 давхар 3 орон сууц спортын танхим зэрэг барилгыг цэвэр бохир халаалтын хамт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэж тус сумын ирээдүйн хөгжилд Онцгой алхам болсон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ажил 1987-1989 онд хийж Төв аймгийн барилгачид 3 жилд спортын танхимаас бусад барилгыг барьж спортын барилгын суурийг ухаад бохирын системийг холбоогүй. Гэвч 1990 онд нийгмийн харилцаа солигдох үед үлдсэн хөрөнгө оруулалтын ажлыг зогсоосон юм. Нийгмийн шилжилтийн эхний жилүүдэд 1990-1993 онд сумын хөгжлийг тодорхойлох эдийн засгийн үйлчилгээний суурь болж байсан. "Залуучуудын хөгжил" нэгдэл ХБАнги, нийтийн ахуй үйлчилгээ мал эмнэлэг зэрэг байгууллага нэгжүүд хувьчлагдсан. Эдгээр байгууллага хувьчлагдахад тэдгээрийн гишүүд хувьчилж авсан хүмүүст ашигтай байсан ч сумын иргэдийн 1923-1993 онд бүтээсэн хамтын хөрөнгө устаж, сумын хөгжилд бэрхшээл учирсан. Хувьчлалыг буруутгаж байгаа юм биш билээ. Гэвч 1956 оноос эхэлсэн нэгдлийн тэр их хамтын хөрөнгийн зарим хэсгийг иргэдийн төлөө үйлчилдэг төрийн захиргаа, сургууль, эмнэлэг цэцэрлэг зэрэг байгууллагад зөв хуваарилж үлдээсэн бол гэж боддог. Ялангуяа нэгдэлд байсан машин техник, хадлангийн салаа зэргийг сумын мэдэлд үлдээсэн бол хадлан тэжээл бэлтгэх, төмс хүнсний ногоо тарьж иргэдээ хангахад тустай байсан байх. Мөн 1923-1993 онд хөгжсөн 70 жил хөгжсөн худалдаа үйлчилгээний том айлын бүх барилгыг буулгаагүй бол өнөөдөр үйлчилгээний хувийн салбарууд хөгжихөд дөхөмтэй байсан биз. Сумын эдгээр байгууллагыг хувчилж байх энэ хугацаанд сумын төвийн хөгжил үнэхээр хүнд байдалд орсон. Хүмүүсийн хариуцлагагүй байдал мөнгө хөрөнгийн асуудлаас болж сумын төвийн барилгуудын халаалт зогссон нь захиргаа сургууль, эмнэлэг цэцэрлэг бараг ажиллах боломжгүй болсон. Сумын ЗДТГазар хувьчлалын дараа нэгдлийн урт хугацааны зээлийн өртэй хуучин барилгатай үлдсэн. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн нөгөө сайхан барилгууд халаалтгүй учир балгас болох шахсан. Сургуулийн дотуур байр хаагдаж хуучин цэцэрлэгт 15-18 хүүхэд авч дотуур байр ажиллуулдаг байсан. Мал хувьчлагдаж хүүхэд олноороо сургуулиас гарч сумын төв эл хул болсон Сургуулийн зарим багш нар амьдралын шаардлагаар өөр газар шилжиж нутаг орноо гэсэн цөөхөн багш нар бууриа сахиж үлдсэн 4-5 ангид нийтэд нь галлаж үйлчилгээ явуулж байлаа. Соёлын төв үндсэндээ хаагдсан. Хүн эмнэлэг 1-2 өрөө галлаж үйлчилгээ явуулж, цэцэрлэг нэг ангид хүүхэд авч зутруухан байлаа. 1993-2000 онд төсвийн байгууллагууд үнэхээр хүнд байсан. Энэ үед төсвийн байгууллагадаа сэтгэл хоёрдолгүй ажиллаж байсан хүмүүст түүний дотор байгууллага удирдаж байсан Н.Жамбалтарав, Ц.Цэвэгням, Ш.Нямаасүрэн, Н.Цэрмаа, Ц.Нанзаддорж, Б.Наранчимэг, Д.Мягмар, Ч. Энхбаатар болон сум багийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүст шилжилтийн үеийг давахад сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байсанд талархах ёстой. Цаашид сум хөгжих эсэх нь цахилгаан эрчим хүчнээс шалтгаалах энэ хүнд үед иргэдийн саналаар ирж сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Гарамбазар бол нутагтаа гэрэл гэгээ гаргасан хүн Ж.Гарамбазар 1997-1999 онд сумын засаг даргаар ажилласан. Тэр хуний хувьд үнэхээр төрсөн нутгаа гэсэн сэтгэлээр УБ хотоос ажлаа, гэр бүлээ орхиод 3 жил ажиллахдаа сумын хөгжилд мөнхийн гэрэл гэгээ асаасан. Тэр нь эрчим хүч байсан. Монгол орон хөрөнгө муутай байсан 1996-2000 онд хэцүү ажлыг сэтгэлийн тэнхээ, хүн чанар, төрийн албаны ноён нуруу, найз нөхөд хүн харьцаагаар нөр их ажлыг бүтээж төрсөн нутагтаа захиалгаар суварга босгосон буянтай үйлийг бүтээсэн мөнхөд дурсагдах хүн. Суманд эрчим хүчний шугам тавихад УИХ-ын гишүүн асан М.Зэнээ. Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Тогтох, тэр үеийн УИХ-ын МАХН-ын бүлгийн гишүүд, УБ хот дахь нутгийн зөвлөпийн болон тэр үеийн төрийн тодорхой алба хашиж байсан нутгийн иргэд Д.Чимиддорж, Н.Батмөнх, Л.Дондог, Б.Бүрэнбуян, Ш.Цэдэнпүрэв, Л.Түмэнбаяр, Л.Чулуунбат, С.Лувсандаш, Л.Дашдорж, Г.Батсүх нар болон бусад хүмүүс тэдгээрийн үр хүүхэд ач зээ нарт талархаж байна. Товчоор авч үзвэл иймэрхүү байдлаар 2000 оныг үзжээ. Урьд зууны сүүлчийн жил 2000 онд нүүдлийн зуд болж хувьчлалын дараа өсөж 70 мянгад дөхөөд байсан мал 30 гаруй мянга болон хорогдсоноос малгүй болсон иргэд УБ хот бусад газар руу шилжих шилжилт ихэссэн. Дээр дурдсанаар халаалтгүй учраас төсвийн байгууллагууд хүндхэн нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэх байв. 2000 оны эхний 12 жилд УИХ, орон нутгийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулж тэдгээр хүмүүс нэг баг болж орж нутгийг хөгжүүлэхэд онцгой анхааран ажилласнаар сумын хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон байна. Төсвийн байгууллагуудын халаалт, их засварын ажлыг шийдвэрлэсэн сумын ЗДТГазар багийн засаг дарга нар 2 контортой болсон. Эрүүл мэнд, соёл боловсролын болон бусад байгууллагуудын техник хэрэгсэл дотоод тоног төхөөрөмжийг шинэчлэн төрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг хангасан. Давст, Тарган багуудын конторын барилгын шинээр барьсан. Төв аймгийн ИТХ, ЗДТГ 2004 2012 онд тал хээрийн сумдын төвийг тохижуулах бодлого авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хийсэн томоохон ажил 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэй спортын танхим барьсан нь стандартын дагуу хөдөөгийн сумдад баригдсан цөөхөн танхимын нэг юм. Мобиком, Юнитель, Жи-мобайл-ийн үүрэн холбооны станцыг суурилуулсан нь сумын иргэдийн 90% нь ямар нэг холбоогоор хангагдсан томоохон дэвшилт хүрчээ. Аймгийн ИТХурлаар шийдвэр гаргуулан сумын төсвийн байгууллагууд 8-н айлын 2 давхар 3 орон сууцыг гэрээгээр нэгдсэн халаалтад холбох асуудлыг АНУСервис ХХК-аар шийдвэрлүүлсэн. Энэ нь төв аймгийн 27 сумаас анхлан хийгдсэн сумын нэг болсон. Тал хээрийн сумдаас анх удаа Төв аймгийн төвд сум сурталчлах 3 хоногийг 2008 онд зохион байгуулсан соёл урлагийг дэмжих бодитой ажил болсон . Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малчид, үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж 50 гаруй өрх хамрагдсан. Төрийн үйлчилгээ үзүүлдэг баг сумын засаг дарга, улсын байцаагч нар, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, МЭҮТасаг зэрэг албан тушаалтныг машин, мотоциклоор бүрэн хангасан. Бэлчээрийг бүрэн ашиглах зорилгоор эвдэрсэн гүн өрмийн худаг 10 гаруйг засварлаж шинээр 15 худаг гаргаж малчдын бүлэгт хариуцуулсан сумын төвийн ундны усны худгийг шинээр гарган ус зөөлрүүлэх төхөөрөмж шавсны зэрэгцээ хүн эмнэлэг уурын зуух, мод ногоо услах, мал услах зэрэг 5 гүн өрмийн худагтай болсон.Төмс хүнсний ногоо тариалах, мод бут үржүүлэх, тэжээлийн ургамал тариалах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг дэмжих хөгжүүлэх зорилгоор бага оврын трактор 2-ыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт авч, сумын төвд хүлэмж, зоорины аж ахуй хөгжүүлэн эхлэлийг тавьсан. Тогтвортой амьжиргаа төслийн шугамаар мод үржүүлэлтийн талбай тэжээлийн ургамал тариалах талбайг хашин тохижуулан худагтай болгосон. Сумын хөгжлийн 2010 он хүртэлх хөтөлбөрийг нутгийн зөвлөл иргэдээс санал авч боловсруулан сумын ИТХ-аар батлан дэс дараалан хэрэгжүүлж эхэлсэн. Уяачдын хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор аймгийн алдарт уяач 5. сумын алдарт уяач 20-иадыг тодруулан цол олгож адууны угшлыг сайжруулах ажлыг зохион байгуулсны үр дүнд сумын азарганы 60 гаруй хувь нь хурдан удмын буюу Сүхбаатар, Дорнод, Хэнтий болон зүүн чигийн азаргатай болжээ. Хонь, ямаа үхрийг угшлыг сайжруулах ажлыг ч малчидтай хамтран зохион байгуулсан байна. Нутгийн зөвлөл, Төв аймгаас сонгогдон ажиллаж байсан ба УИХ-ын гишүүн, Төв аймгийг 2000-2012 онд удирдаж байсан удирдлагууд. 2004 онд тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөчөөр сонгогдон ажиллаж байсан Д.Чулуунбат нар онцгой дэмжлэг үзүүлж байсан юм. Эдгээрээс заримыг дурдвал 2004 оны орон нутгийн сонгуулийн дарга аймгийн хоёр дарга хоёулаа тал хээрийн сумын хүмүүс байсан учир тал хээрийн хөгжлөөр хоцрогдсон сумын дэмжих бодлогыг хүчтэй явуулсан. Энэ нь манай суманд ихээхэн нөлөөлж аймагт ховорхон спортын танхим хүртэл 200 хүрэхгүй хүнтэй манай суманд баригдсан. Төсвийн байгууллагуудын тоног төхөөрөмж шинэчлэх ажил бусад сумаас илүү хийгдсэн. Хүн эмнэлэгт Бельги улсын төслөөр тоног төхөөрөмж, сургуульд Данид төслөөр хэд хэдэн ажил хийгдсэн, УИХ-ын гишүүн С.Батболд төрийн үйлчилгээний байгууллагын засвар тохижолтод М.Энхболд малчдыг малжуулах худаг гаргах, Д.Дондог төсвийн байгууллагын тоног төхөөрөмж, ХАА-н техник хэрэгсэл Н.Энхболд хоршоолол, ЖИЖИГ ДУНД Үйлдвэрлэлийг дэмжихэд илүү дэмжлэг үзүүлснийг тэмдэглэе. Аймгийн ИХТ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Д.Чулуунбат сумын төв, албан байгууллага багийн тохижилт, төсөл хөтөлбөрт хамруулах ажилд онцгой дэмжлэг үзүүлж байлаа. Одоогоос мөнгөний ханш хатуу байсан. 12 жилд нийт дүнгээрээ 1,2 миллиард гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь сумын хүн амтай харьцуулахад 27 сумаас хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн сумын тоонд ордог. Эдгээр ажлын үр дүнд Дэлгэрхаанчуудыг үзэх бусад хүмүүсийн үзэл тэр тусмаа Төв аймгийн төрийн байгууллагуудын албадын үзэл эрс дээшилсэн гэдгийг манай сумын олон жил ажилласан төрийн албан хаагчид мэднэ байх. Тус сумын хөгжлийн ажилд гарсан энэ өөрчлөлт нь нэн 10 гаруй жилд нэг баг болж ажилласан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, тэднийг дэмжиж ажилласан сумын бүх иргэдийн сэтгэл зүтгэлийн үр дүн гэж ойлгох нь зүйтэй. Энд нэг зүйлийг дурдахад 12 жилд төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль үйлчилж, бүх хөрөнгө мөнгийг аймаг, улс шийддэг байсан учир ажил хариуцсан албан хаагчид хөрөнгө мөнгө олгохын тулд бараг гуйлгачин байсан гэхэд болно. Манай сумынхныг зарим хүмүүс ажил хийх дургүй гэдэг. Нутгийнхаа ард иргэдийн дунд орж ажиллаад тэр үзлээс бүрэн салсан. 2003 онд сумын 80-н жилийн ой хийх гээд мөнгө хөрөнгөгүй хэцүү байсан. Аймаг өөрөө ойтой тул мөнгө өгөхгүй өөрсдөө мөнгө олж ойгоо тэмдэлэх чиглэл өгсөн. УБ хот, Төв аймгийн нутгийн зөвлөл уулзаж байсан нутгийн уугуул суугуул бүх хүмүүс дэмжиж 15 сая гаруй төгрөгийн бэлэн мөнгө болон бараа материал хандивлан 7 сая гаруй төгрөгөөр наадам хийж сумын ЗДТГазарт 8 сая гаруй төгрөгийн хөрөнгө үлдэж байсан. Тэр хавар зун наадмын өглөөг хүртэл сумын төвийнхөө албан хаагчид хогоо арилгаж засвар үйлчилгээ хийж харшталаа ажиллаж сумын төвөө тэр үедээ сайхан болгож байсан. Тэр үеийн аж ахуй нэгж болох банк, шатахуун түгээх станц, эрчим, цаг уур, дэлгүүрүүдийг нэг хамт олон болгоод уралдаан зарлаад наадмын талбайг засах чиглэл өгсөн. Наадмын хуучин талбай бараг элсэнд дарагдсан байсан. Тэд маань хөлсгүйгээр 20-иад хоног янзалж баярын хурал хийх гэж байхад хамгийн сүүлийн будгаа түрхээд гарч байсныг хараад ёстой баярлаж бахархаж байсан. Д.Жаргалмаа, М.Должинсүрэн, П.Хаянхярваа, Г.Мөнхбаатар, Ө.Нэргүй, Э.Өлзийхутаг, Ж.Бадрал ер хэн ч билээ. Мөн 2006 онд ЗДТГ-ын байрыг засаад тохижуулсны дараа ойрын сумдын дарга нар танай Тамгын газрыг үзье гэж утсаар ярихад бас л сайхан байдаг юм билээ. Мөн УБ хот Төв аймгийн нутгийн зөвлөл бусад хүмүүс байгууллагатай хамтран нилээд ажлыг бүтээн төрийн албан хаагчдын чадавх сайжирч мэргэжилтэй хүний нөөцөөр бүрэн хангагдсан. Сумын дэмжлэгтэйгээр анх удаа дээд мэргэжилтэй их эмч бэлтгэж, сүүлийн жилүүдэд 20-иад залуучууд их дээд сургууль төгсөж орон нутагтаа ирж ажиллаж байсан. Эдгээр жилүүдийн ажлын үр дүнд 1980-аад оны сүүлчээр баригдаж 90 оны эхээр халаалтгүй болсон төсвийн байгууллагуудын барилгууд нэгдсэн хүний нөөцөөр хангагдаж энэ ардчилсан нийгмийн үед төрийн үйлчилгээг ард иргэддээ чанартай хүргэх боломжтой болсон гэж үздэг. Үүний дунд сум маань 2010 оны ажлаар аймагт 3 орж, ерөнхий байдлаараа ажил төрөл нь сайжирсан юм. 2000 оныг 2012 онтой харьцуулахад сумын ЗДТГазар гэхэд үйл ажиллагаа явуулах 2 контортой. ЗДТГ-ын үйл ажиллагааг явуулах материаллаг баазыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2000 онд 53.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 2012 онд 740,1 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж 317,0 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

2023-03-14 00:00:00