Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төв нь 1932 оны 1 дүгээр сарын 1-нд анх Мишиг гүний хүрээ Нурамт гэдэг газар 2 гэр барьж, бага эмчийн салбар анх байгуулагджээ. Мишиг гүний хүрээний анхны бага эмчийн салбарын эрхлэгч ЗХУ-ын харьяат бага эмч Додова Варвара Евгевньевна томилогдон нэг жил хэртэй ажиллаж байгаад курст суралцахаар явж, бага эмч Нурджема Ходияковна Садыкова томилогдон ажилласан байна. Тэр үеийн сумын удирдлагууд орос докторт туслах ажилчин олж өгөх нь чухал байж, тухайн орон нутагт энэ туслах үүргээ биелүүлж чадах нам, эвлэлийн гишүүн идэвхитэй эмэгтэйчүүд эмнэлгийн анхны ажилчид болж байв. Тийм хүний нэг нь Мишиг гүний хошууны анхны хүн эмнэлгийн салбарын асрагч Оносумын Лхасүрэн гэдэг эмэгтэй байв. 1966 оэд сумын их эмчийн салбараар байгуулагдан, 3 өрөөтэй жижиг модог байшинд байрладаг, эрхлэгчээр нь Гүрсэд эмч 1968 оноос түргэн тусламжийн машинтай болжээ. 1972 оноос 8 ортой их эмчийн салбар болон өргөжиж, хуучин сумын захиргаа байсан 7 өрөө зууханд галладаг байшинд байснаа орчин цагийн шинэ барилга баригдан 1988 оны 10 дугаар сарын 15-нд 15 ортойгоор ашиглалтанд орсон нь одоо хүртэл 22 эмч ажилтантайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн арддаа нэр хүндтэй хүргэсээр байна.